“СҮҮДЭР”-ТЭЙ ГЭРЭЛ
2009-12-28 15:54:10
Таахын аргагүй тавилангаа заяагдмал байдагт гоморхох хэн нэгэн байх. Гэхдээ жаахан сийрэгхэн ухаантай байж чадах аваас гажсан заяа тавилангийн гэх тодотголтой замаа засч болдог нь таатай. Гэвч басхүү засч, залруулахын аргагүй алдаа, золиос мэт хувь заяандаа гоморхон, хэн нэгнийг буруутгая гэхнээ эзэнгүй мэт эмзэг атлаа гашуувтар тавиланг зарим нэгэн нь үүрч дүүрээд ирсэн байх юм, энэ орчлонд.
Хэдхэн жилийн өмнөөс ижил хүйстэн гэгчийн тухай сонсож, ардчилал бий болж эрх чөлөө гэх үгийг утгаа алдтал хэтрүүлснээс ийм болж байгаа юм гэх өрөөсгөл бодолд түүртэж явснаа ч бас санаж байна. Ядаж байхад өнөөх харийн мэт санагдах гомо гэгчийн дүр төрхийг олонх хүн “гомо” Нараа гэгчээр мэдэрдэг. Баахан увайгүй аягламтгай түүнийг харахад гомо гэдэг гаж сэтгэлгээний илэрхийлэл, илрэл мэт санагдахаас ч аргагүй мэт. Энэ бол ижил хүйстнүүдийн талаарх миний бодол. Гэхдээ гурван жилийн өмнөх л дөө. Одоо бол тэднийг ойлгодог. Үгүй дээ л ойлгохыг хичээдэг, эс ухварлах зүйл таарсан ч дургүйцэлгүй, бас үзэн ядаж гадуурхалгүй зүгээр л мөрөөр нь орхиж чаддаг. Таагүй үнэр ханхлуулан увайгүй аашлах хэн нэгнээр тэднийг бүгдийг нь төлөөлүүлэн харалгантахаа аль хэдийнэ больсон. Ер нь тэгээд хүнийг бэлгийн чиг хандлагаас нь болж ялгаварлан гадуурхах нь дэндүү, жинхэнээсээ увайгүй хэрэг болох биз. Угаас хүн гэдэг амьтан шинжлэх ухаан, элдэв нээлт туршилтын ачаар мэдэхгүй, чадахгүй юмгүй мэт ч үнэндээ хүн төрөлхтөн нь хүн төрхтнөө “а”, “б”-гүй ойлгодог болтол өдий биз. За ийн элдвийг нуршилгүй “сүүдэр”-тэй гэрэл мэт аж төрөгч трансжендерүүдийн миссийн тэмцээний талаар өгүүлсү.
“Mister beauty” тэмцээний оролцогчид аймссан харцтай юм билээ
Яг 14 хоногийн өмнө хотын төвийн нэгэн жижигхэн шөнийн цэнгээний газар “Mister beauty” тэмцээн болсон юм. Тодруулбал гей мисс шалгаруулах тэмцээн. Уг тэмцээн манай улсад гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан нь тэр. Тэмцээнд долоон хүн оролцсон. Өнөөх алдарт трансжендер Анужин ч бас орж байгаа харагдана лээ. Шүүгчээр нь Төрийн соёрхолт зураач Саранцацралт ажилласан. Охин Б.Мөнгөлдэй нь үзэгчдийн дунд сууж байна лээ. Оролцогчдын тухайд гэвэл эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархдаг би хүртэл өөрөөсөө жаахан ичихэд хүрсэн гэдгээ хүлээх хэрэгтэй. Яагаав өнөө л эмэгтэйлэг араншингийн гол шинжийн нэг гэдэг бил үү дээ, нэг тийм атаархал төрөөд… Уяхан туяхан, намилзаж нахилзсан, тогос тогоруу мэт ганган бас эрхэмсэг тэднийг дуулж бүжиглээд л мэдлэг сорьсон асуултад хариулаад л жаахан хөөргөчихөд улс даяар явагдан, ялагч нь харьд эх орноо төлөөлөн оддог бүх Монголын сор болох мисс бүсгүйг шалгаруулах тэмцээнээс нэг их дутахааргүй өндөр түвшинд болдог юм байна лээ. Миний хувьд Удвал нэрээр оролцсон трансжендер хүмүүнийг дэмжиж байсан. Монгол бүжгийг бол ёстой бүжих шиг болдог юм билээ, тэр. Хэдийгээр Удвал тэргүүн байр эзэлж чадаагүй ч “Оюунлаг мисс” өргөмжлөлийн эзэн болсон. Эхний гурван байр шалгаруулснаас гадна “Шилдэг үндэсний хувцас”, “Шилдэг дотуур хувцас”, “Оюунлаг мисс” мөн “Шилдэг үзүүлбэр” номинациар шалгаруулалтаа явуулсан юм. Өө нээрээ өнөөх “гомо” Нараа ирчихсэн цүнхнээсээ шилтэй архи гаргаж ууж байгаад баарны хамгаалагчдад баригдаад хөөгдөж орхисон. Гамбууш харагдаагүйн учрыг тэнд байгсад шүүгчдийн бүрэлдхүүнд багтаагүйтай холбоотой гэж шивэр авир хийлцэж байсныг хэлэх нь зүйтэй байх. Аа бас өнөөх алдартай, гей мисс Энхриймаа үзэгчдийн дунд байсан. За тэгээд тэмцээний завсарлагаар реалити шоуны оролцогсод болох Цэлмүүн, Тэмүжин хоёр ая дуугаа өргөсөн. Мөн “Миний гэр” реалити шоунаас төрсөн хосууд гэгддэг Золоо, Амараа нар ч харагдсан. Амараагийн хувьд тэр гей парти болгонд л ирсэн гэх дуулддаг юм. Тэр ч яахав. За тэгээд элдэв номинацийн эзэд тодорч эхний байрт Дөлгөөн гэдэг “залуу” түрүүлсэн дээ. Тэмцээн ерөнхийдөө дажгүй болсон ч оролцогчид болон үзэгчид гаднах хаалга онгойх бүрт аягүйцсэн харцаар хаалга руу хялалзаад байх нь мэдрэгдээд байсан юм. Учрыг лавлавал “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн тэднийг олноороо цугларахыг хориглож дарамталдаг гэсэн. Ядаж байхад яг тэр өдрийн өмнөх орой “та нарыг тараана аа” гэж сүрдүүлсэн нь тэнд цугларагсдыг жаахан айлгасан юм шиг байна лээ. Үхдэл болтлоо зодуулахаас гадна олны өмнө жинхэнэ дүр төрхийг нь дэлгээд хаячихвал манай өнөөгийн нийгэмд амьд явах эрхгүй л болно гэсэнтэй утга нэг учир айлгүй ч яахав дээ. Гэрийнхэндээ хүртэл хэлэлгүй нуугдаж амьдардаг хүмүүс чинь… Эцэст нь тэмдэглэхэд хоёрдугаарт байрт шалгарсан бүлтийсэн хөөрхөн нүдтэй “залуу” гей мисс хамгийн мэдрэмжтэй хувцасладаг нь юм шиг санагдсан. Сүүлд сонсох нь ээ, тэрбээр загвар зохион бүтээдэг, өөрийн гэсэн жижигхэн брэндтэй, тэр утгаараа үйлчлүүлэгчидтэй нэгэн гэнэ лээ. Ер нь гей эрчүүдийн олонх нь өндөр боловсролтой, хамгийн гайхмаар нь асар өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг шиг санагддаг. Эсвэл бусдаас нуугдаж хоёр амьдралаар амьдардаг болохоор зорьсондоо хүрч, амжилтын эзэн болох нь тэдний хувьд жаахан ч гэсэн тайвшрал болдог байх л даа. За ямартаа ч гэгээ цацруулсан гэдэгчлэн гэрэл цацруулсан бүсгүйчүүдийн дунд байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн гей миссийн тэмцээний дараа “сүүдэр”-тэй гэрэл гэдэг үг санаанд орж тархинаас хулжихгүй удсан. Олон хүнд хувь тавилангийн даажин мэт таагүй сэтгэгдэл төрүүлдэг тэднийг нэг үдэш ч гэсэн тааваараа байгааг нь хараад юу хүссэнээ өмсөж, гоё сайхан байхыг эмэгтэй хүн л мэдэрдэг бардамналдаа бялуурч буйг мэдрээд “Бидэнтэй л адил хүн атал юунд ад үздэг юм бол доо” гэх бодол орж ирсэн. Хүссэнээрээ гэрэлтэж, бусдын харц өөр дээр нь тусахыг гоо охид шиг өдөр тутам мэдрэх боломжгүй даажин мэт тавилан, заяа төөрөг, төрмөл атлаа төөрмөл бэлгийн чиг хандлагын буруутанг хайж олоод зарга хиймээр ч юм шиг…
Мэдээллийн эх сурвалж: Улаанбаатар таймс
Эх сурвалж: http://www.postnews.mn/index.php?cp=news&task=view&news_id=3118
0 comments:
Post a Comment