Sunday, February 28, 2010

Хөх Тэнгэрийн Цаана үзэсгэлэн дээр хэлсэн үг

Саяхан Зулзагын блог уншиж байтал Хөх Тэнгэрийн Цаана үзэсгэлэн дээр хэлсэн үгийг минь Зулзага жал оруулсан харагдсан.
Эх хувиар нь энд тавилаа, нэгийг бодоцгооно биз дээ.
Хөх Тэнгэрийн Цаана үзэсгэлэн саяхан АНУ-ын Нью Йорк хотноо нээлтээ хийсэн ба ирэх 4-р сар хүртэл тэндээ байж, дараа нь Сан Франциско, Чикаго, жилийн сүүлээр Нидерландын Амстердам хотноо мөн гарах болно гэдгийг энэ дашрамд хэлье.
Үзэсгэлэнгийн тухайд гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний Эрх, Иргэний Оролцооны Зөвлөх Ц. Оюунгэрэл эгчийг би Наран гэж дуучин найзаараа дамжуулж урихад тэрээр нөхөртэйгээ ирсэн ба Ерөнхийлөгчийн Зөвлөхийн ажлаа авсныхаа дараа анх удаа олны өмнө үг хэлсэн нь манай үзэсгэлэн дээр байсан юм.
ЛГБТ Төвийг мөн бүртгүүлэхэд маш их нөлөөлсөнд нь бид туйлын баяртай явдаг юм. Харин бас л үзэсгэлэнд оролцоочээ гэж хүмүүст уриалахад цсийн дүнгээрээ 3-хан лесбияны хөрөг л байсан, тэр нь Заяа, Зулзага бид гурав байсан юм биз дээ.
Энэ бас л нэгийг хэлээд л байна. Бас нээлт нь эдийд тэдийд болж байгаа гэсэн зарыг маань гей.мн-эс аваад хаясан байсан. Бас л нэгийг хэлээд л байгаа хэрэг. Өөрөө оролцох боломжгүй бол бусдадаа бас оролцох боломжийг өгөх гэж, бусдын ду хоолойны илэрхийллийг хүндэтгэхийн улмаас иймэрхүү форумууд байдаг. Харин түүнийг үл хайхарвал бас л нэгийг хэлээд байгаа хэрэг.

"Сайн байцгаана уу? Миний нэр Анараа. Энэхүү үзэсгэлэнд цаг заваа зарцуулж, зорин ирсэнд та бүхэнд баярлалаа. Би өнөөдөр лесбиян, гей, бисексуал, трансжендер буюу товчоор ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн тухай ярихаар ирсэн ч үгнээс илүү амьдрал энд дэлгээтэйг хараад олон үг нуршихааргүй шийдлээ. Оронд нь энгийн хэдэн асуулт тавья.

1. Та хэдэн лесбиян эсвэл гей хүн таних вэ?
2. Монголд хэдэн лесбиян, гей, бисексуал, трансжендер хүн байдаг вэ?
3. Эдгээр хүмүүсийг та болон Монголын нийгэм хэн ба юу гэж төсөөлдөг вэ?

Зарим нэг хүн гайхширч, зарим нь инээмсэглэж, зарим нь ч хажуудаа зогсоо хүнийгээ сэмхэн харж байх шиг байна. Ийм асуулт тавьж байгаа нь учиртай. Би эдгээрийг олон хүнд тавьдаг. Хариулт болгоныг сийрүүлж байсан бол нэг байтугай ном дүүргэхээр шүү.

“Би лав тийм Монгол хүн танихгүй, ер нь байдаггүй байхаа, байвал цөөхөн л байх” гэсэн хариулт арван жилийн өмнө ихэнхдээ сонсдог байлаа, одоо ч мөн ялгаагүй. Тийн бодохын учир начирыг нь тунгаалцах зуураа сэнхрүүлэх гэж оролдоно. Сэнхрүүлж дийлэхгүй бол их буугаа гаргана. Миний их буу бол “Би өөрөө лесбиян хүн” гэдэг өгүүлбэр. Хамгийн хэцүү нь дараа дайралдвал нүүрээ бууруулах, мэндлэхэд хариугүй хажуугаар зөрөх, үг хэлээр шууд болон шууд бусаар хатган доромжлох, бусдад миний хэн болохыг миний зөвшөөрөлгүйгээр зарлан тунхаглах, үр дүнд нь ажлаасаа халагдах, орон байраа солих хэрэгтэй болох гээд яриад байвал барагдахгүй.

Үүнийг хуучлахын учир нь нэг байна уу, 100 байна уу, 100,000 уу, 300,000 уу, хэд байх нь хамаагүй, бид тооны тухай яриагүй ээ. Нэг ч бай, хэд ч бай бид хүний тухай ярьж байгааг, нүүрээ халхалсан ч хадагны цааана хүн байгааг би сануулахын тулд ярьсан хэрэг.

Энэ танхимыг тойроод нүүрээ халхалсан олон хүний зургийг та харлаа, эдгээр хүмүүсийн сэтгэлийн өчлийг ч бас уншлаа. Дахин дахин давтагдсан ба нүдэнд торсон үгийн нэг нь ардчилал байсан байх гэж найдаж байна. Ардчиллаар мэргэшсэн хүн энд олон байгаа тул надад бас л нурших шаардлагагүй. Гэхдээ нэг хоёр зүйлийг онцолвол ардчилал нь цаг үе бүрт өөр өөрөөр тодорхойлогдож томъёлогдож ирсэн нэгэн ухагдахуун. Бидний амьдарч буй эрин цагт ардчилал гэдэг нь анх үүссэн хэрэглээ, томъёоллоосоо даван хальж, зөвхөн цэргийн жанжин, язгууртан, өмчтөн, эсвэл тодорхой насны эр хүйсийн хүмүүс биш, харин бүх хүнийг хамарсан засаглалын идеал, хэлбэр, арга барил, үйл явц болсон. Энгийнээр хэлвэл хүн болж төрснөөрөө бид бүгд эрх тэгш оролцох ёстой нийгмийн гэрээний нэг хэсэг болдог. Харин энэ нь хүн бүр эрх тэгш, ижил эрхтэй, төрөлхийн сүр жавхаатай гэсэн зарчимд үндэслэдэг. Бүр энгийнээр хэлвэл бид өөр өөр ч, үндсэндээ адил. Гадаад төрх, дотоод сэтгэхүй, түүний илэрхийллээрээ өөр өөр байсан ч бид нэг. Өнөөдөр яг л хүн төрөлхтөний дотор багтсан энэ л ижил язгуурын нэгэн илэрхийлэл та бүхний өмнө дэлгээстэй байна.

Бид яагаад нүүрээ халхлах болов? Руандагийн геноцид буюу төрлөөр хомроглон устгах, охид эмэгтэйчүүдийг алагчлах, Өмнөд Африкийн Улсын апартаид, Палестинчуудын олон арван жилийн гаслан, 2001 оны 9 сарын 11-ээс хойших лалынхныг үзэх болсон үзэл, энэ бүгд алагчлал, ялгаварлан гадуурхалт, мөрдлөгө хавчлагын жишээ. Ихэнх цөөнхийг, хүчтэй нь хүчгүйгээ алагчлах, ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөхийн жишээ. Эдгээр эрх буюу амьд явах, хүйсэнд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх, шашин шүтэх эс шүтэх эрх, боловсрол олох, бусдад гэм хор учруулсан гэмт хэргийн л шинж чанартай биш бол дуртай хөдөлмөрөө эрхлэх, хамгийн гол нь харгислал хүчрихийлэлд өртөхгүй байх эдгээр эрх бүгд хүний халдашгүй суурь эрхүүд. Харин ЛГБТ монголчууд эдгээр эрхээ эдлэж чаддаггүйн учир дуу хоолойгоо өнөөдөр нэгтгэж, амьдрал бодит байдлаа сайжруулахын төлөө нүүрээ халхалсан ч зоримогоор та бүхэнд “Бид та нарын адил ХҮН” гэдгээ үзүүлж байгаа хэрэг.

Хүн бүр гэдэгт ЛГБТ хүмүүс багтдагийг, хүйсээр үл алагчлах ойлголтод бэлгийн чиг баримжаагаар үл алагчлах ойлголт багтдагийг олон улсын хууль, эрх зүйн хэм хэмжээнд заагаад тунхаглачихсан. Ардчилсан ба эрх зүйт нийгэм л юм бол Монгол Улсынхаа Үндсэн Хуулийг дээдлэн биелүүлэн, олон улсын гэрээ пактаа сахин биелүүлэх цаг иржээ.

Нэг жил, нэг өдрийн өмнө Монголын хувьд томоос том аймшиг, гамшиг нүүрлэсэн билээ. 5 хүн алтан амиа алдаж, баривчлагдсан 800 гаруй хүний ихэнх нь эрүү шүүлтэд орж, тоолшгүй олон хүн сэтгэлзүйн дайнд дайрагдсан. Энэ үзэсгэлэн харин та бүхэнд лесбиян, гей, бисексуал, трансжендер Монголчуудын хувьд өдөр бүр долоон сарын нэгэн байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон юм.

Анхаарал тавьсанд баярлалаа."
http://www.a-free-guestbook.com/gb/mongoldyke/69

0 comments: