Thursday, December 17, 2009

Урлагийн үзэсгэлэн Монголын бэлгийн цөөнх олон нийтийн бэрхшээл дүүрэн амьдралыг харуулна

Урлагийн үзэсгэлэн Монголын бэлгийн цөөнх олон нийтийн бэрхшээл дүүрэн амьдралыг харуулна
Монголын лесбиян, гей, бисексуал, трансжендер олон нийтийн тухай өгүүлсэн урлагийн үзэсгэлэн Монголын Орчин Цагийн Урлагийн Галлерейд 7-р сарын 3-ноос 8-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.
“Цэнхэр тэнгэрийн цаана” нэртэй урлагийн үзэсгэлэнгээр Монголын түүхэнд анх удаа байнга алагчлал гадуурхалтад өртдөг, хүний эрх нь ноцтой зөрчигдсөөр байгаа нууцлагдмал нэгэн олон нийтийн амьдралыг харуулах юм.
Уг үзэсгэлэнг АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт судлаач Брандт Миллер Монголын ЛГБТ олон нийт, монгол болон гадаадын уран бүтээлчдийн хамт зохион байгуулж байгаа билээ.
Үзэсгэлэнд Монголын лесбиян, гей, бисексуал, трансжендер (ЛГБТ) хүмүүсийн өдөр тутмын хөргүүд орсон байгаа ба эдгээр хөргөөр хүйс болон бэлгийн чиг баримжааны талаарх уламжлалт ойлголтыг эвдэхийг зорьсон юм.
Оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс, мөн ЛГБТ хүмүүсийн амьдралын нууцлагдмал байдлыг харуулах үүднээс тэдний нүүрийг хадгаар боон хөргийг нь авсан байна.
Нас барсан хүний нүүрийг хадгаар боодог монгол уламжлалыг энд ашигласан нь ихэнх ЛГБТ хүмүүсийн нийгэмдээ бүрэн дүүрэн нээлттэй амьдрах боломжгүй бодит байдлыг ийнхүү харуулахыг оролджээ.
Уг үзэсгэлэнд багтсан ЛГБТ хүмүүсийн бичсэн шүлэг болон бусад зүйлс нь ЛГБТ хүмүүсийн доромжлол, гадуурхалт, жигшилт зэрэг хэцүү бэрхийг туулж буй түүхийг өгүүлнэ. Мөн үзэсгэлэнгийн нэг хэсэг болох богино хэмжээний киног АНУ-ын Нью Йорк хотын кино найруулагч бүтээсэн байна.
Кино нь Монголын хоёр гей залуугийн амьдрал хайр дурлалын эрээн барааныг харуулах ба киноны хөгжмийг Алтан Ураг хамтлаг тогложээ.
ЛГБТ хүмүүсийг хүлээн зөвшөөрөх, ойлгох шаардлагатай байгаа талаар Монголын нийгэмд тодорхой байр суурь эзлэсэн хүмүүсийн үгс мөн үзэсгэлэнгийн нэг хэсэг болжээ.
“Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь Монголын ЛГБТ хүмүүсийн амьдралын хэцүү бэрх, эрээн барааны талаар нийгэмд ойлгуулах, мөн алагчлал гадуурхалтад өртөхгүй, цаашлаад хүлээн зөвшөөрөгдөх, иргэний эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэх орчин, нийгмийн сэтгэхүйг бүрдүүлэхэд хүмүүсийн дуу хоолойг нэгтгэх явдал юм” хэмээн үзэсгэлэнгийн зохион байгуулагч Брандт Миллер ярив.
“Нүүр царайгүй, дуу хоологүй гэсэн сэдэв үзэсгэлэнгийн бүх бүтээлд байгаа ба энэ нь Монголын ЛГБТ хүмүүс өөрсдийнхөө тухай мэдэрдэг зүйл нь л дээ.
Тэдний хүний эрх, эрх чөлөө өдөр бүр зөрчигдсөнөөс нууцлагдмал амьдралаар амьдрах шаардлагатай тулгардаг.” “Өөрийн судалгааны явцад нээлттэй гей, лесбиян, трансжендер хүмүүс бие сэтгэлийн хүчирхийлэлд байнга өртдөг болох нь тодорхой болсон.
Энэ хүчирхийлэл харгислал нь ихэнхдээ гэр бүлийн гишүүд, найз нөхөд, ажлын хамт олноос үүддэг нь мөн тодорхой болсон. Эдгээр хүмүүс нээлттэй амьдрахаасаа эмээж байгаагаас нийгэм тэднийг хүлээн зөвшөөрөх нь удаан байна.
Муу муухайгаар дүрслэгдсэн эдгээр хүмүүсийн амьдрал бодит байдалд би дуу хоолой өгөх гэсэн юм.
”Монголын урлагийн алдартанууд болох жааз-блюз дуучин Наран, Мишээл, Алтан Ураг, Түмэн Эх чуулгынхан үзэсгэлэнгийн нээлтийг мялаах ба нээлтэд зөвхөн урилгаар оруулах юм.
Уг үзэсгэлэнг Монголын Урлагийн Зөвлөл, АНУ-ын Элчин Сайд Марк Минтон, Их Британийн Элчин Сайдын Яам болон Хаан Банк Сан ивээн тэтгэж байна.
Та бүхэн энэхүү үзэсгэлэн таалан соёрхоно уу
Монголын Уран Зургийн Галерей
http://www.art-gallery.mn/archives/520

0 comments: